Орхон аймгаас төрөн гарсан дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Хүрэлдоржийн Батхишигийн нэрэмжит Самбо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтэд Засаг дарга, Аймгийн Самбо бөхийн холбооны тэргүүн С.Батжаргал, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Батхишиг, Булган аймгийн Засаг дарга, Монголын самбо бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, Аймгийн Биеийн тамир спорт газрын дарга Д.Дэлгэрбаяр, Юнайтед Белаз ХХК-ны ерөнхий захирал, самбо бөхийн холбооны түнш Леонид Яковлевич болон тив дэлхийн тэмцээнээ эх орныхоо нэрийг дуурсгасан үе үеийн тамирчид оролцлоо.
Засаг дарга С.Батжаргал “Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсган алтан соёмбот төрийн далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүлж ирсэн үе үеийн тамирчид, дасгалжуулагчид Та бүхнээрээ энэ өдөр бахархаж байна. Орхон аймагт зохион байгуулж буй өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид тив дэлхиййн дэвжээнд од болон гялалзахын ерөөл дэвшүүлье. Цар тахлын дараа зохион байгуулж буй улсын чанартай анхны томоохон тэмцээнд тамирчид өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Самбо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Хүрэлдоржийн Батхишигийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа нь аймгаасаа төрөн гарсан гавьяат тамирчдаа танилцуулах, алдаршуулах зорилготой юм. Нийт баг тамирчдад амжилт хүсье” гэлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.